Ширгэлэх үлгэр

Bilguun Bayarsaihan
2 min readAug 28, 2018

--

Охин шөнөдөө уйлаад гэхээр “Юмнаас айсан юм болов уу, ширгэлсэн үү” гэдэг. Ширгэлэх гэдэг нь давс шатаах, тугалга хайлуулах, гэх мэт уламжлалт зан үйл. Харин миний хувьд эцэг эхээс гарч болох нилээн хэрцгий ЗАН ҮЙЛҮҮДИЙН нэг. Ер нь хүмүүс бүх зүйлийг ИХ АМАРХАН байлгах гэж үздэг. Жил бүрийн цагаан сарын дараа Гандан орж ном уншуулаад ирээдүйгээ даатгуулчихна, мандаж байгаа нар хараад зориг орчихно гэх мэт. Хэтэрхий хялбархан, хуурамч, хулхины үйлдэлүүдээр сэтгэлээ тайтгаруулна.

Яагаад гэвэл бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй эсвэл зүгээр л сохроор дагацгаадаг. Ямар сэжим, учир шалтгаанаар ширгэлэх хэмээгч нь хүүхдийн айдастай холбогдохыг бодож олох хэцүү. Энэ нь “Өнгөрсөн жил манай өвөө өнгөрөөд би энэ жил жирэмсэн болсон” гэж буйтай агаар нэг. Магадгүй эдгээр хүмүүс үнэхээр Алун-гуа эх дээр тэнгэрийн гэрэл бууж ирээд хүүхэд “хийчихсэн” гэдэгт итгэдэг биз!

Уламжлалт сонирхолтой зан үйлүүдийг УСТГА гэж байгаа юм биш. Хийж болно гэхдээ УЧИРТАЙ. Орчлон ертөнц 96 тэр бум гэрлийн жилийн голчтой. Нэг гэрлийн жил гэдэг нь ойролцоогоор 1 ИХ НАЯД КИЛОМЕТР. Дэлхийн радиус үүний хажууд 6400 км, одоо харьцуулаад бодоод үз. Ертөнцөд дор хаяж 500 тэр бум галактик бий. Бид нар гэгч шар одыг тойрч эргэдэг 8н гаригийн наран талаасаа гурав дахь дээр нь амьдардаг АМЬТАД. Галактик бүрт нэг АМЬДРАЛ бий гэж үзвэл ертөнцөд дор хаяж 500 тэр бум УХААНТ АМЬДРАЛ байх ёстой! Тэд бүгд өөр өөрсдийн соёл иргэншил, уламжлал, үндэс угсаа, хэл, сэтгэлгээтэй. Яг л манай дэлхийтэй шиг. Дэлхий дээрх 230 орчим улс бүгд өөр өөрийн онцгой ТҮҮХҮҮДТЭЙ. Юу ч юунаас ч ОНЦГОЙ биш. Учир нь бид бүгдээрээ ОНЦГОЙ.

Гэхдээ энэ ОНЦГОЙ нь ширээн дээр суусан төдийд өрөнд орж, өөрийн амьдралыг ч үл мэдэх ламаар тангад ном уншуулах төдийхнөөр шийдэгддэг ҮЛГЭР биш. Бүх зүйл учир шалтгаантай. Харин учир шалтгаан ХУУРМАГ ҮЛГЭР биш. Бид бүгд агуу, онцгой, өвөрмөц, гайхамшигт итгэхийг хүсдэг. Харин тэр гайхамшиг “Та бурханд залбирдаг бол шүтлэгтэй хүн юм. Харин бурхан чинь буцаагаад хариулж байвал та СОЛИОТОЙ хүн” гэдгээр хязгаарлагдана.

Утас барьж хувцас өмссөн сармагчин шиг харагдахыг хүсээгүй л бол унш, мэд, ойлго. Өөр арга байхгүй. Бүгд гар утас ашигладаг, бүгд компьютер мэддэг. Гэвч ихэнх нь хүүхдээ уйлахаар ширгэлж, хэрэглэсэн памперсийг нь ичгүүр сонуургүйгээр усыг нь уудаг гол руугаа шидэлж орхидог. Ширгэллээ гээд хүүхдийн чинь биш ТАНЫ л сэтгэл тайвширч байна. Та хүүхдээ бодсон ч үнэндээ хар амиа хоохойлж өөрийгөө л тайтгаруулсан хөгийн үйлдэл хийж байна. Энэ мэт хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн, худал хуурмагаасаа салаагүй цагт бүгд хаанаас ч юм хэний ч юм бичсэн зүйлийг олж уншиснаа ҮНЭН гэж хүлээж авдаг хэвээр л хоцроно. Ээжийн, Аавын хэлсэн бүхэн ҮНЭН байдаг үе аль 6 насанд чинь өнгөрчихсөн шүү дээ!

Жич: Ширгэлэх үнэн гэж мэтгэдэг хүмүүст ширгэлэх бүртээ тэмдэглэж ав. Үнэхээр гайгүй болсон болоогүйг шудрагаар тэмдэглэ. Үр дүн нь харин 50:50 л байх вий. Зоос хаяж байгаатай л адил.

Жичийн жич: Би бүх болохгүй гэдэг мухар сүсгийг эсрэгээр нь хийдэг. Юу ч болоогүй л байна.

--

--

Bilguun Bayarsaihan
Bilguun Bayarsaihan

Written by Bilguun Bayarsaihan

Физик, философи, нийгэм, бас бус…

No responses yet